“Саран Эх” ХХК-ийг Шар-Өвгөн овогтой Баярмаа 2004 оны 9 сарын 29 ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан. Компаний үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Монголын эрс тэс цаг агаарт гайхалтай дасан зохицсон Монгол ямаанаас гарган авдаг 100% -ийн ноолуураар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон гадаад зах зээлд нийлүүлдэг. Хатуу, ширүүн өвлийг даван өнгөрүүлдэг монгол ямааны ноолуур нь урт, нарийн ширхэгтэй, гялалзсан өнгө чанараараа давуу талтай бөгөөд тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн нь маш дулаахан, зөөлөн, хөнгөхөн тансаг эдлэл болдогоороо онцлог юм.  Энэхүү байгалийн гаралтай тансаг түүхий эдээр өөрийн гэсэн өнгө аясыг хадгалсан загвар, зохион бүтээлтээрээ онцгойрдог "Саран" үндэсний брендийг бий болгосон нь эх орныхоо эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхээс гадна малчдын амьдрал ахуйд бодитой хувь нэмрээ оруулах юм.

Манай компани нь орчин үеийн бүх насныханд зориулсан эрэгтэй, эмэгтэй цамц, пальто, хүрэм, нөмрөг, шааль, малгай, ороолт, бээлий, өмд, юбка, хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг. "Саран Эх" компани нь Монголын ноолуурын салбарын манлай үйлдвэрүүдээр боловсруулагдсан утсаар бүтээгдэхүүнээ хийж гүйцэтгэдэг. Манай үйлдвэр нь сүлжих, оёх, гүйцэтгэн боловсруулах, чанар шалгах гэсэн 4 хэсгээс бүрдэх ба зохион бүтээх, загварын хэсэг, санхүү, борлуулалтын хэсгээс тус тус бүрддэг. Зохион бүтээх, загварын хэсэг нь хамгийн сүүлийн үеийн техник Японы  “Shima Seiki“ брендийн тоног төхөөрөмж, компьютерийн системийг ашиглан орчин үеийн загварыг зохион бүтээж, үйлдвэрлэж байна. 

“Саран“ брендийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүст орших 4 салбар дэлгүүрээр борлуулдаг. Үүнд:  

  • Компаний төв дэлгүүр ( СБД-3 хороо,5 хороолол, Зөгийн Үүр-47 байр, 1 давхарт
  • Улсын их дэлгүүрийн 2 давхарт
  • Гранд плаза 2 давхар
  • Олон Улсын нисэх онгоцны буудлын татваргүй барааны дэлгүүр

Манай компаний төв дэлгүүр дээр таны хүссэн загварыг таны хүссэн өнгөөр, "Саран" брендийн загварыг таны хэмжээгээр, таны хүссэн өнгөөр захиалга авч үйлдвэрлэж өгөхөөс гадна таны ноолууран бүтээгдэхүүнийг угааж, цэвэрлэж өгнө. Тус компани нь гадаад болон дотоодын зах зээл дээр зохион байгуулагддаг олон Улсын үзэсгэлэн худалдаанд удаа дараалан амжилттай оролцсон. Жишээ нь:

2007 онд Улаанбаатар хотноо зохиогдсон ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцож Бренд Фешн өргөмжлөл, 2008 онд Япон Улсын Нигита хотод зохиогдсон Хойд, Өмнөд Азийн орнуудын хөнгөн үйлдвэрийн үзэсгэлэнд оролцож Кашмер Бренд өргөмжлөлөөр, 2009 онд Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Ноос, ноолуурын Холбоо, Швецарийн ногоон алт хөтөлбөрөөс зохион байгуулсан арга хэмжээнээс 2009 оны шилдэг загвар зохион бүтээгч, 2007,2008 оны нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага өргөмжлөл, шагналуудаар тус тус шагнагдаж байсан.

“Саран Эх” ХХК нь жил бүр залуу боловсон хүчнээр эгнээгээ тэлж, үйлдвэрийнхээ техник, технологийг сайжруулан ажиллаж байна. Сүүлийн жилд зөвхөн ямааны ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна монгол тэмээний ноос,сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн амжилттай үйлдвэрлэж дотоодын зах зээл дээр борлуулж байна. Манай хамт олны эрхэм зорилго нь Саран брендийн ноолууран бүтээгдэхүүнийг хэрэглэгч,үйлчлүүлэгч нартаа 100 хувийн сэтгэл ханамжийн баталгаатай, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн хүргэхэд оршдог.